Крис Хэворт 36 жилийн дараа төрсөн ээжийгээ олж авчээ. Их Британийн
оршин суугч Крис Хэвортыг төрөөд зургаахан хонож байхад нь ээж нь хаяж
одсон байж. Тэрээр төрүүлсэн ээжийгээ олохын тулд олон нийтийн
Facebook сүлжээг ашиглан хайж эхэлсэн байна гэж The Daily Mail
мэдээлэв. Түүний ээж 54 настай, Ливерпул хотоос гаралтай Пэт Корнелл
гуч гаруй жилийн дараа хаяж орхисон хүүгээсээ сураг сонсчээ.
"Халуун мэнд! Намайг Крис гэдэг, би 1975 оны
зургаадугаар сарын 22 –нд төрсөн" гэж тэрээр бичсэн байв. Мөн
утасныхаа дугаарыг үлдээгээд холбоо барихыг хүссэн байж. Эмэгтэй тэр
дор нь утасдаж, төрсөн үед нь ээж нь түүнд ямар нэр өгснийг мэдэж буй
эсэхийг нь Хэвортаас асуусан байна. "Дэвид" гэж тэр хариулсан нь
Корнеллийн эргэлзээг арилгажээ. Өнчин хүү Дэвид нэрийг дундах нэрээ
болгон авсан бөгөөд английн бичиг баримтууд дээр ийм нэрийг тухайн
хүний нэр, овог хоёрын дунд бичдэг уламжлалтай. Хариуд нь ээж нь
түүнийг хайгаад олохгүй байснаа хэлээд, Крис Корнелл нэртэй хүнийг
нийгмийн халамжийн байгууллагууд олохгүй байсан гэжээ.
18 настайдаа жирэмслээд, хүүгийнхээ эцэгтэй
харилцаагаа үргэлжлүүлэх хүсэлгүй байсан гэж тэр эмэгтэй ярьжээ.
Хүүгийн тухай эцэгт нь мэдэгдүүлэхгүй байхын тулд хүүгээсээ
татгалзахаар шийдсэн байв. "Ганцаараа хүүхдээ өсгөх ямар ч боломжгүй
гэж үзсэнээс би хүүгээсээ татгалзахаар шийдсэн. 1975 онд хүүхдээ
ганцаараа өсгөж буй эхчүүдэд өөрөөр ханддаг байлаа шүү дээ” гэж
хатагтай Корнэлл тайлбарласан байна.